•Хайр бол хамгийн энгийн зүйл •

Dulguun Batjargal
2 min readNov 23, 2022

Тиймээ хайр бол гайхамшигтай хэрнээ хамгийн энгийн зүйл. Багшгүйгээр сурдаг. Баггүйгээр илэрхийлдэг. Алдааг нь уучилж, амьсгалд нь хүртэл уусах үйл явц.

Дутуугаа нөхөж дундуураа дүүргэж биеийнхээ нөгөө тал, зүрхнийхээ өрөөсөнг бусдаас эрэх, хайж олох энгийн нэгэн аялал.

Алдаа дутагдлыг нь ч хайрлаж, засч залруулан өөрийнхөө ч дутагдлыг ч нуулгүй дэлгэн харуулах илэн далангүй байдал.

Эрх мэдэл, нэр хүнд, албан тушаалд хорхойсолгүй эрх дураараа нэгэндээ эрхэлж элгээ хөштөл инээлдэх үйлдэл.

Эд хөрөнгөнд шуналгүйгээр байгаадаа сэтгэл ханаж, элдэв ганган зүйл, байр машин баялагт биш нэг л хүн дэргэд нь байвал баяжих сэтгэл.

Нэгнээ өөрийнхөөрөө байлгаж өөрчлөх биш түүнийхээ төлөө өөрчлөгдөх биш байгаагаараа хайрлагдаж басхүү хүлээн зөвшөөрөгдөх буулт хийх.

Өөрийгөө л бодож амиа хичээлгүй нэгнийхээ аз жаргал, зүгээр инээлгэх төдийд өөрийгөө хамгийн азтай хүн хэмээн мэдрэх жаргалтайд тооцох бодол.

Хамтдаа алдаж үзэх, хамтдаа бүтэлгүйтэж бүдэрч үзэх, мөнхүү мөлхөх үе гарах ч гараа атгалцан араас нь дэмнэн туулж гарах замнал.

Цуварч уйлж зовлонгоо гэтэлгэх, нэгнээ сэтгэлээрээ дэмжиж илтгэлээрээ сэргээх зэрэг инээн хөөрч жаргалаа хуваалцах мэдрэмж.

Өлсөж цангах, халууцаж хөрөх, өвдөн шаналахад нь өр нь өвдөн шимширч, хайрлаж тойглон эдгээх халамж.

Байхгүйгээ бүтээлцэж, байгаагаа хайрлаж хоосонгоос дундуурхан, дундханаас булгилсан дүүрэнг хамтдаа босгох нөр их бүтээн байгуулалт.

Заавал эрх тэгш гэхгүйгээр чадах чадхаараа хичээн, тус дэм нэхэхгүйгээр нэгнээ дэмжиж дэмнэн гаталж туулах далай.

Уйлахад нь л аргадах, өвдөхөд нь асрах, хэцүү зүйл тохиохор нь л анхаарал тавих халуун халамжийн сэтгэл.

Заавал төгс харагдах шаардлагагүй, цаг үргэлж хамтдаа байх ч ёсгүй, алс холоос ч хайрлах, ойрхоноос ч эмээх тийм л өөрийгөө барих чөлөөлөх нөлөө.

Нэгнээсээ дутагдлаа нуухгүй, нөгөөх нь дутагдлыг нь хайрлаж, магадгүй алдаа дутагдал бүрт нь дурлаж хайрлах тийм л нандин харилцаа.

Байгаагаараа хайрлаж, байхгүйгээ бүтээлцэх, зан араншингаа нүцгэлж, дотоод сэтгэлээ шалдлах эхээс төрсөн юм шиг үнэнгээрээ үнэлэгдэх энгийн нэгэн үйлдэл.

Thursday 18 October 2018 15:09

--

--

Dulguun Batjargal

Lover❤.... book worm🐛... women👩‍💻 and human🤷‍♀️ IG __duuk__ FB: Дөлгөөн Батжаргал FB page: dul dairy